Одоогоос яг зургаан жилийн өмнө буюу 2016 онд УИХ-ын 42 дугаар тогтоол батлагдаж, бүх шатны шүүхүүдийн шүүгчдийн орон тоог шинэчлэн тогтоосон байдаг. Ингэхдээ тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, шүүхийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зэрэг асуудлыг харгалзан үзэж орон тооны хязгаарыг баталсан юм.

 

      Гэтэл өнөөдөр хүн амын нягтаршил нийслэл Улаанбаатар хот руу чиглэж, дүүргүүдийн хүн амын өсөлт эрс нэмэгдсэн. Гэвч шүүгчийн орон тоо зургаан жилийн өмнөх үетэй адил түвшинд байгаа нь иргэд шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай авах нь битгий хэл хуулинд заасан хугацаа буюу 90 хоногийн дотор ч хэрэг маргаанаа шийдүүлж чадахгүйд хүрдэг.

 

      Түүнээс гадна шүүгчдийн тоо бага байгаа нь нийт шүүгчид хийгээд шүүгчийн туслах, нарийн бичиг нар маш их ачаалалтай ажиллах үндсэн шалтгаан болж буй юм. Тиймээс UBN.mn сайтын сурвалжлах баг ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчид болон шүүгчийн туслах, нарийн бичиг нар хэр их ачаалалтай ажилладаг, мөн ажиллах орчин нөхцөл бодит байдал дээр хэр байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

 

ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

 

 

      Тус шүүх нь маш их ачаалалтай ажилладаг шүүхүүдийн нэгд зүй ёсоор ордог. Нийт 11 шүүгчтэй ч хоёр шүүгч түдгэлзсэн, нэг шүүгч декритийн амралт авсан учир бусад шүүгчдэд ирэх ажлын ачаалал хийгээд хэргийн тоо 2-3 дахин нэмэгдсэн байна.

 

       Гэтэл энэ нөхцөл байдлыг иргэд нүдээр үзэж, чихээр сонсож байгаагүй тул тэдний ачаалал ямар өндөр байдаг талаар огт мэддэггүй юм. Тиймээс бид шүүгчдийн ачаалал нөхцөл байдал дээр ямар байгаа талаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Болороос тодрууллаа.

 

Нэг шүүгч 209 хэрэг шийдвэрлэх ёстой батал өнөөдрийн байдлаар 620 хэрэг ногдож байна

 

 

       Нэг шүүгч дунджаар 209 хэрэг шүүх боломжтой байдаг. Гэтэл бодит байдал дээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч одоогийн байдлаар 620 нэхэмжлэл хүлээн авсан байна. Энэ нь ойролцоогоор 3 дахин ачаалалтай ажиллаж байгаа юм. Энэ ачаалал нь дан ганц шүүгч гэлтгүй шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн дарга нарт маш ихээр нөлөөлдөг. Тиймээс ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрээд байна.

 

      Цаашлаад ачааллаа дийлэхгүй байгаа учир ажиллах хүчин, хүний нөөцийн асуудал давхар яригдаж байна. Тогтвортой ажиллах боловсон хүчин байхгүй болох, бусад шүүх рүү шилжих, шүүхээс гарах зэрэг асуудал яригдаж эхэлдэг. Тиймээс үүнийг зохист байдалд хүргэхийн тулд шүүгчийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, ачааллыг багасгах шаардлагатай болж байгаа юм. 2016 оноос хойш шүүгчдийн орон тоог огт нэмээгүй. ШЕЗ-ээс шүүгчдийн тоог нэмж болохгүй. Учир нь УИХ-ын тогтоолоор л батлах боломжтой" гэв.

 

      Дээр дурдсанчлан ажлын хэт их ачааллаас үүдээд боловсон хүчин, хүний нөөцийн асуудал ч нэн тэргүүнд яригдана. Шүүгчийн туслахууд байнга солигдож, нарийн бичгийн дарга нар ч тогтвортой ажиллахгүй байх нь шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Энэ талаар шүүгч Ц.Оюунбилэг дараах зүйлийг ярьлаа.

 

Нэг жилийн хугацаанд 8 туслах солигдож, 8 хүнийг сургаж ажилласан байна

 

 

      "Нэг шүүгчид оногдож байгаа хэргийн тоо их байгаа нь шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөх, цаашлаад хуульд заасан хугацаандаа хэргээ шийдвэрлүүлэх боломж нь багасдаг. Шүүхийн ажлын ачааллыг багасгахын тулд шүүх байгууллагын хуулийг батлах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хууль батлахад цаг хугацаа, төсөвтэй холбоотой асуудлууд байдаг бол "Шүүгчийн сэлгэн ажиллах журам"-ыг эргэн харах хэрэгтэй байгаа нь ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс харагдаж байна.

 

       90 хоногийн хугацаанд хэрэг, маргааныг шийдээд дуусчихсан байх ёстой. Гэтэл 90 хоног дотроо хурлаа зарлаж чадахгүй, хурлын оочирт орж чадахгүй байна. Энэ бол өнөө л ачаалал хэт их байгаагаас буюу механик өсөлттэй шууд хамааралтай. Энэ нь иргэний эрх ашиг хөндөгдөх түүнээс гадна шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичиг нарын эрүүл мэндийн асуудал хийгээд ажлын тогтвортой байдалд шууд нөлөөлж байна.

 

        Миний хувьд өнгөрөгч 2021 оны аравдугаар сараас хойш нийтдээ 8 туслах солигдсон байна. Нэг жилийн хугацаанд шүүгч 8 туслахыг сургаад, хэргийн шийдвэрлэх ажиллагаа явуулна гэдэг нь шүүгч 8 хүн сургаж байна гэсэн үг. Тиймээс иргэд шүүхэд итгэх итгэл буурах, хууль заасан хугацаанд шүүгч хэрэг маргаан шийдвэрлэхгүй байна, ажиллагаагаа явуулахгүй байна гэх зэргээр сахилгын хороонд гомдол их гаргадаг. Гэтэл бодит байдал дээр шүүгч хэрэг, маргааныг дуусгая гэсэн ч механик өсөлтүүдтэй холбогдуулан шүүгч ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа юм.

 

       Нөгөө талаар иргэдийн буруутгаж болохгүй. Нэгэнт л хуульд заасны дагуу 90 хоногт багтаан хэрэг шийдвэрлүүлэх ёстой гэж заасан бол шүүхээс эрхээ шаардах нь зүй ёсны асуудал юм. Тиймээс иргэдэд бид гомдох үндэслэл байхгүй. Тиймээс ШЕЗ энэ ачааллыг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр мэдрэмжтэйгээр хандаж, журмууддаа өөрчлөлт оруулж, өндөр ачаалалтай шүүхүүдийн ажлыг дундажлах нөхцлийг хууль батлагдах хүртэл журмаараа зохицуулаасай гэж шүүгч бид харж байгаа. Тиймээс 2023 онд "Шүүх байгуулах тухай хууль" УИХ-ын намар болон хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай байгаа юм" гэлээ.

 

         Харин нарийн бичгийн дарга нар ажлын ачааллаас үүдээд зарим тохиолдолд ажил дээр хонох тохиолдол байдаг тухайгаа ярьсан юм. ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга Г.Булгантамир,

 

Ажлын ачааллаас шалтгаалаад зарим үед ажил дээрээ хонох тохиолдол ч гардаг

 

 

       "Ажлын цаг журманд зааснаар 8 цаг байдаг. Төрийн албанд ажиллаж байгаа хэдий ч ажлын 8 цагтаа ажилладаггүй. Өглөө ажилдаа 06:30-07:00 цагийн хооронд ирдэг. Ажлын цаг 08:30-17:30 цаг хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд маш их ачаалалтай ажилладаг. Хоол идэх ч зав гардаггүй. Өдөржин шүүх хуралд оролцоод явдаг. Хурал ажлын цаг өнгөртөл үргэлжлэх үе ч бий. Тиймээс хурлын тэмдэглэл гаргах, дугаар авах гэсээр байгаад ажлын цагаа хэтрүүлдэг.

 

      Орой 21:00 цагаас хойш хэдэн цаг ч хамаагүй ажилладаг. Заримдаа автобус зогсохоос өмнө гарах үе байна. Хоцрох үе байна. Хэрэв автобуснаасаа хоцорвол өөр аргаар гэртээ харих, эсвэл ажил дээрээ хонох гэсэн хоёр сонголттой үлддэг. Ажлын өдрүүдээр 2, 3 өдөр ажил дээрээ хонох, шөнө сунаж ажлаа хийх үеүүд бол байдаг. Нарийн бичгийн дарга нар болон шүүгчийн туслахуудад амралтын өдөр гэж бараг байдаггүй. Тийм их ачаалалтай ажилладаг гэсэн үг" хэмээв.

 

Ачаалал + ажиллах орчин = АСУУДАЛ

 

 

      Тус шүүхийн дан ганц асуудал бол ажлын ачаалал бус. Учир нь ажлын орчин нөхцөл ч маш их асуудалтай аж. Шүүгчийн туслахууд нэг дор эгнэн суугаад банкны ажилтан мэтээр иргэдэд үйлчилдэг бол зарим шүүх танхим ч хэт жижиг бөгөөд олон хүн багтах аргагүй. Түүнээс гадна тамгын газрын хувьд нэг цонхны үйлчилгээ, улаан загалмай, ХУД-ийн тохижилт үйлчилгээний төв зэрэгтэй нэг дор байрладаг аж. Гэтэл хуулиндаа шүүхийн байранд өөр байгууллага үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.

 

        Энэ талаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Болор "Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хоёр өөр газар байдаг. Харин тамгын газар нь ХУД-ийн хуучин байранд байрлаж байгаа. Хуулинд зааснаар бол шүүхийн байранд өөр байгууллага үйл ажиллагаа явуулах ёсгүй байдаг. Гэтэл яах аргагүйн улмаас дүүргийн байранд байрлаж байна" гэсэн юм.

 

Шүүх танхим

 

        Харин шүүгчийн туслах Ц.Галбадрах ажлын ачаалал болон ажиллах орчин нөхцлөөс шалтгаалан иргэд үйлчилгээ авахаас зүрхшээдэг талаар ярьсан юм. Тэрбээр,

 

Шүүгчийн туслахууд нэг дор ажиллаж байгаа нь хувь хүний нууцын асуудал хөндөгдөх үндсэн суурь болдог

 

 

          "Намайг анх шүүгчийн туслах хийж байхад буюу гурван жилийн өмнө нэг шүүгчийн гар дээр 60-70 хэрэг дунджаар байдаг байсан. Ихдээ 80-90 хэрэг. Гэтэл энэ нь одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь тухайн үед үйлчилж байсан хүмүүсийн тоо болон утсаар үйлчилгээ авч байгаа хүмүүсийн тоо одоо мөн л 2-3 дахин нэмэгдсэн байна.

 

        Ихэнхдээ шүүгчийн туслахууд болон нарийн бичгүүд өглөө 08:30 цагт ажилдаа ирчихсэн байдаг бол шөнө 01:00 цагт л гэртээ орцгоодог гэхэд хэлсдэхгүй. Бидэнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол бидний ажиллах орчин.

 

 

           Бид одоо яг л банкны ажилтан шиг ч юм уу үйлчилгээний ажилтан ч юм шиг заримдаа бүр худалдагч шиг л ширээний ард суугаад маш их ачаалалтай ажиллаж байна. Гэтэл шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд маань "миний хэргийг" гэж асуудаг. Энэ нь яг л дэлгүүрээс худалдаа хийж байгаатай адил байдаг. Угтаа шүүхийн байгууллага бол хууль сахиулах байгууллага шүү дээ. Гэтэл үйлчилгээ авч байна гэж ойлгодог. Зарим хүмүүс бүр биднийг суудлын бөглөөс хийж байхаараа ажлаа өг гэдэг. Үнэн хэрэгтээй бид биеээр маш олон үйлчлүүлэгчидтэй харьцаж байна, хажуугаар нь 2-3 утсаар үйлчлүүлэгчидтэй ярих зэрэг ажлуудыг зэрэг амжуулдаг.

 

          Нөгөө талаас шүүгчийн туслахууд нэг дор суух нь маш их хүндрэлтэй. Учир юу вэ гэвэл хувь хүний нууцын асуудал хөндөгдөж байгаа юм. Гэр бүлийн асуудал бизнесийн орчин, нэр төрийн асуудал зэрэг маш олон асуудлыг маш олон хүний дэргэд ярих нь маш зохимжгүй байдаг. Тиймээс шүүхээр үйлчлүүлэгчдэд хамгийн их тулгамддаг болон ажилчид бидэнд ч хамгийн их тулгамддаг асуудал бол яах аргагүй энэ асуудал" гэв.

 

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх маш их ачаалалтай ажилладаг аж. Дээрх сурвалжилгаас харахад тус дүүрэгт оршин суух иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр хэрэг маргааны тоо ч дагаад өсдөг байна. Шүүх байгууллага хэт их ачаалалтай ажиллаж байгааг иргэд олон нийт тэр бүр мэддэггүй тул шүүхд итгэх итгэлээ алдах үндсэн шалтгаан болдог аж. Түүнээс гадна шүүхээр үйлчлүүлж байгаа хэн бүхэн хүлээцтэй хандаж, үйлчилгээ үзүүлж буй ажилтанд хүндэтгэлтэй ханддаг, шүүгч, нарийн бичгүүдээ хүндэлдэг байх зэргээр ёс зүйн өндөр хариуцлагатай байх ёстойг ойлгоосой хэмээх уриалгыг энэхүү сурвалжилгаар дамжуулан хүргэхийг зорьлоо.

 

        Мөн шүүхийн ачааллыг багасгах зайлшгүй шаардлага байгааг, ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх, сайжруулах шаардлагатай байгаа гэдгийг нийт шүүгчид хийгээд шүүх байгууллагад ажиллагсдын өмнөөс хүсье.

 

 

Т.Алтанзагас