Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг орон нутгийн зарим шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж”-ийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Отгонцэцэг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэйгээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажиллалаа.
Ажлын хэсгийн гишүүд тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцов.

Уулзалтын эхэнд шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Энхмаа шүүхийн бүтэц орон тоо, 2021 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлын талаар танилцуулж, Ерөнхий шүүгч М.Энхмандах 2021 оны шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулав.
Мөн тус ажлын хэсгийн гишүүн Н.Баасанжав, А.Отгонцэцэг нар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороод, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, хуульд заасан чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаараа болон шинээр батлагдсан журмуудын онцлог зохицуулалт, уялдаа холбооны талаар танилцуулж, тус шүүхийн Тамгын газраас Шүүхийн Ерөнхий Зөвлөлд шийдвэрлүүлэх, дэмжлэг хүссэн асуудлуудыг судалж, ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд шүүгч, ажилтнууд сонирхсон асуултаа асууж, харилцан санал солилцож, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдэд ажлын амжилт хүслээ.